Мөнгө угаахын эсрэг баримтлах бодлого

Сүүлд шинэчилсэн огноо: 2018 оны 01-р сарын 22

Энэхүү баримт бичиг нь “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК (цаашид “Компани” гэж нэрлэх)-ийн AML юм. Уг бодлого нь Компанийн Үйлчилгээний нөхцлийн нэг хэсэг бөгөөд платформд нэвтрэн, ашигласнаар таныг уг бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ.

  • МӨНГӨ УГААХ ҮЙЛДЛИЙН ТУХАЙ

    Олон улсын стандартад мөнгө угаах (money laundering) үйлдлийг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

    ● Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл эрх зүйн үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;
    ● Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах;
    ● Тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах;
    ● Мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх гэж тодорхойлсон байдаг.

    Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл (2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Шинэчилсэн найруулга)-д мөнгө угаах гэмт хэргийг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:
    ● Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
    ● Энэ гэмт хэргийг:
    ● энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
    ● байнга тогтвортой үйлдэж;
    ● албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
    ● Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
    ● Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

  • КОМПАНИАС АВАХ АРГА ХЭМЖЭЭ

    Компани нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Үүнд:

    ● Мөнгө угаахын эсрэг бодлогын хүрээнд тодорхой үүрэг бүхий хяналтын ажилтныг ажиллуулах,
    ● Мөнгө угаах бодлого болон хэрэглэгчийг таних бодлогын (KYC) дагуу бүртгэлийн үе шатанд биеийн байцаалт болон хаягийн баталгаажуулалтын мэдээллийг хүлээн авах, шаардлага хангаагүй бол хүлээн авахаас татгалзах, сан бүрдүүлэн, түүнд үндэслэн хэрэглэгчийн хяналт, шинжилгээ хийх,
    ● Хэрэглэгчдийн валют болон криптовалютын дансны орлого, зарлагын гүйлгээ, арилжааны үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон тухайлсан хяналт хийх
    ● Компани нь хэрэглэгчийн үйлдэл нь залилангийн болон мөнгө угаах сэжигтэй байвал дансыг түр хугацаагаар хааж, шалгах, тухайн хэрэглэгчээс тодруулга авч болно.
    ● Үндэслэл бүхий сэжигтэй гүйлгээ байна гэж үзвэл төрийн эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулж болно.
    ● Сэжиг бүхий, хууль бус үйлдэл байвал засгийн газар болон банкны шаардсанаар таны паспортын хуулбар, баталгаат хаяг болон банкны дансны хуулгыг гарган өгч болно.

    Компани нь хэрэглэгчийн баримт бичиг нь дүрсийн нягтралын чанар хангахгүй, засвар хийсэн, бодит биш зураг илгээсэн бол хүлээн авахаас татгалзах, хууран мэхлэх шинжтэй хэмээн сэжиглэж болно.