Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн огноо: 2018 оны 01-р сарын 22

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ КРИПТОВАЛЮТЫН ЦАХИМ АРИЛЖААНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХДЭЭ “ДИЖИТАЛ ЭКСЧЭЙНЖ МОНГОЛИА” ХХК-ИЙН ЗҮГЭЭС ТАНД ТАВЬЖ БУЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ТУСГАСАН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ ЮМ. ТИЙМЭЭС ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГ АНХААРАЛТАЙ УНШИЖ ТАНИЛЦАНА УУ.

https://trade.mn/ хаягт байрлах цахим арилжааны системийн вэбсайт болон гар утасны программ (аппликэйшн)-аар үзүүлж байгаа аливаа үйлчилгээг (цаашид “Үйлчилгээ” гэж нэрлэх) авахаар нэвтэрч, ашигласан бол Таныг (цаашид “Хэрэглэгч” гэж нэрлэх) энэхүү ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ (цаашид “Нөхцөл” гэж нэрлэх)-ийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан гэж үзнэ.
Үйлчилгээ нь “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК (цаашид “Компани” гэж нэрлэх)-ийн өмч бөгөөд компанийн хяналтанд байна. Хэрэв Та энэхүү Нөхцлийг дагаж мөрдөхийг зөвшөөрөхгүй бол Үйлчилгээний платформ руу нэвтрэх болон ашиглахгүй байхыг зөвлөе.
Компани нь энэхүү Нөхцөлд орсон аливаа мэдээлэл, шаардлага, удирдамж, заавар зэргийг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дангаараа өөрчлөх эрхтэй. Аливаа шинэчилсэн Нөхцлийг вебсайтад байршуулж, энэхүү Нөхцлийн дээд хэсэгт байрлах “Сүүлд шинэчилсэн” огноог өөрчлөх эсхүл Хэрэглэгчийн имэйл хаягаар болон Компаниас тогтоосон бусад хэлбэрээр мэдэгдэнэ. Шинэчлэгдсэн хувилбарыг Сайтад байршуулсан, эсхүл Компанийн зүгээс хэрэглэгчдэд мэдээлэл дамжуулсан (жишээ нь, имэйл гэх мэт) даруйд аливаа нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хэрэв та нэмэлт, өөрчлөлт оруулсан Нөхцлийг зөвшөөрөхгүй байгаа бол Үйлчилгээг ашиглахаа зогсоох эрхтэй.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Компани нь хэрэглэгчид хоорондоо блокчэйн (blockchain) технологид суурилсан койн (coin) болон токен (token) (цаашид “Криптовалют” гэж нэрлэх)-ыг арилжааны хэлбэрээр солилцох боломжийг олгодог цахим үйлчилгээ үзүүлдэг (цаашид “Платформ” гэж нэрлэх).

  • I. Хэрэглэгчид тавигдах ерөнхий шаардлага

    Хэрэглэгч нь нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 нас (гадаад хэрэглэгчдийн хувьд тухайн улсын хуулиас хамааран эрхзүйн бүрэн чадамжтай насанд хүрсэн байх) хүрсэн байх бөгөөд Платформд ирүүлсэн хувийн мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч бүрэн хариуцна.

    Платформыг байршлын хувьд хаанаас ч ашиглаж болох бөгөөд гадаад улсаас хандаж байгаа бол тухайн улсын хууль эрх зүйн хүрээнд ашиглахыг хэрэглэгчиддээ зөвлөж байна. Та бүртгүүлэхийн өмнө өөрийн улс орноос ийм төрлийн арилжаа, гүйлгээг хориглосон эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр хандана уу. Таны байршлаас хамааран үйлчилгээг хэрэглэхийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хязгаарласан байж болно.

    Хэрэглэгчийн дараах үйлдлийг хориглох буюу хязгаарлана. Үүнд:
    ● Хэрэглэгч нь платформыг мөрийтэй тоглоом тоглох, мөнгө угаах, залилан мэхлэх, сүрдүүлэг хийх, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл барьцаалах, терроризмыг санхүүжүүлэх болон хүчирхийллийн бусад үйл ажиллагаа зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
    ● Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, оруулахыг оролдсон, Компанийн нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, платформын үйл ажиллагаанд халдахыг (хакердах) оролдсон, арилжааны ханшийг өсгөж, бууруулсан (манифуляци) нь илэрсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн дансыг түр болон дахин ашиглах боломжгүйгээр хаах (блоклох), зарим үйлдэл хийхийг хаана.
    ● Хэрэглэгч нь бүртгүүлж, нээлгэсэн дансаа бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүрэгтэй ба бусдад шилжүүлсэн нь илэрсэн, нотлогдсон тохиолдолд дансыг хаана.

  • II. Бүртгэл болон хэрэглэгчийн данс (account)

    Үйлчилгээнд нэвтэрч, ашиглахын тулд та хувийн мэдээллээ оруулан, Хэрэглэгчийн (аккаунт) данс шинээр нээж бүртгүүлнэ. Хэрэглэгч нь бүртгүүлж, данс нээн ашиглахдаа дараах үйлдлийг хийх шаардлагатай. Үүнд:
    1. Өөрийн жинхэнэ нэр, регистрийн дугаар болон бусад мэдээллийг үнэн зөв, бүрэн бөглөх;
    2. Дээрх мэдээлэл өөрчлөгдсөн даруйд шинэчлэн хадгалах, мэдэгдэх;
    3. Платформ болон өөрийн данстай холбоотой аюулгүй байдлын зөрчлийг илрүүлсэн, эсхүл өөр хэлбэрээр сэжигтэй тохиолдол байна гэж үзвэл Компанид нэн даруй мэдэгдэх;
    4. Таны дансаар хийгдэх бүх үйл ажиллагаанд хариуцлага хүлээх, хууль бус хандалттай холбоотой бүх эрсдэлийг хүлээх;

    Та бүртгүүлж, данс нээхийн тулд идэвхитэй имэйл хаягаар бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсэн имэйл хаягаар орлого, зарлагын хүсэлт болон үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг танд мэдэгдэх тул имэйл хаягийг цаашид солихгүй. Хэрэв таны имэйлийг үйлчилгээ үзүүлэгч тань хаасан эсхүл таны спам шүүлтүүр хаасан болон бусад байдлаар та электрон харилцаа холбоог хүлээж авах боломжгүй болсон тохиолдолд түүнээс үл хамааран Компани нь тантай харилцах мэдээ, мэдээллийг хүргүүлсэнд тооцно гэдгийг анхаарна уу.

    Та өөрийн нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
    1. Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн аккаунт, компьютер, таблет болон бусад мобайл төхөөрөмж зэргээр олон төхөөрөмжөөс хандахгүй байх;
    2. Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх хаяг, нууц үгээ сануулахгүй байх;
    3. Хэрэглэгч нь платформд нэвтрэхдээ Two Factor Authentication буюу нэг удаагийн үүсгэгчийг идэвхжүүлэх;

    Хэрэв хэрэглэгч нь нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц (2FA) үгээ бусдад алдсан, мартсан тохиолдолд хүсэлт илгээн нэвтрэх эрхээ хаалгаж мөн буцаан сэргээж болно.

    Компани нь аливаа Хэрэглэгч буюу тухайн Хэрэглэгчийн нэгдмэл сонирхолтой этгээдэд данс нээх болон нэг хэрэглэгч хэд хэдэн удаа бүртгэл үүсгэн олон аккаунт нээлгэхийг хязгаарлах эрхтэй.

  • III. Орлого, зарлага болон арилжаа

    Хэрэглэгч нь өөрийн дансаар дамжуулан платформ дээр арилжаалагдаж буй криптовалютуудыг чөлөөтэй арилжиж, хадгалж, бусдад шилжүүлж болно.

    Хэрэглэгч нь мөнгөн дүнгээр орлого хийхдээ зөвхөн төгрөгөөр хийх бөгөөд хэрэв бусад валютаар хийх тохиолдолд хэрэглэгчийн шилжүүлэг хийж буй банкны валютын ханшаар хөрвөж, тооцогдоно.

    Хэрэглэгч нь хийсэн орлогоороо арилжаанд оролцохгүйгээр зарлага хийсэн тохиолдолд зарлагын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй.

    Орлого, зарлага хийхэд тухайн хэрэглэгчийн харилцдаг банк болон блокчэйн сүлжээний шимтгэл, хурдаас шалтгаалан шилжүүлгийн хэвийн дундаж хугацаанаас удах, мөн алдаатай мэдээлэл оруулсан, криптовалютын шилжүүлгийн шимтгэл дутсанаас шалтгаалан буцаж болно.

    Криптовалютын шилжүүлэг хийх хаягаа буруу оруулсан, шилжүүлэг хийгдсэн тохиолдолд компани хариуцахгүй.

    Хэрэглэгч өөрийн орлого, зарлага, арилжааны түүхийг устгуулах хүсэлт гаргасан ч бусад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс уг түүхийг платформоос устгахгүй.

    Хэрэглэгч арилжааны ханш, тоо хэмжээг буруу оруулж, захиалга биелсэн тохиолдолд арилжааг буцаах боломжгүй.

    Ханшийн зөрүүнээс хариулт үүссэн тохиолдолд хэрэглэгчид хариултыг шилжүүлнэ.

    Хэрэглэгчийн нэвтрэх эрх, нууц үг алдагдах, мөн дансан дахь мөнгөн хөрөнгө, криптовалют алдагдах эрсдлээс сэргийлэх зорилгоор Компани нь тодорхой хугацаагаар аливаа криптовалютын салалт (fork) болон шагнал (reward)-ийн криптовалютыг хэрэглэгчид олгохгүй.

  • IV. Эрсдэлийн мэдэгдэл

    Компани нь зөвхөн Үйлчилгээ үзүүлдэг бөгөөд арилжааны үр дүн, татвар, хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгөх үүрэггүй бөгөөд хэрэглэгч нь Үйлчилгээг авахаас өмнө дараах эрсдэл үүсэж болзошгүйг анхаарах нь зүйтэй.

    Криптовалютын арилжааны эрсдэл
    Криптовалют (coin болон token) тус бүр нь өөр өөрийн онцлогтой ба түүнээс хамаарч ханш нь их, бага хэмжээгээр хэлбэлзэлтэй байдаг. Үүнээс гадна төрийн зохицуулалт, зах зээлийг урвуулан ашиглах эсхүл ханшийн тайлбарлагдахгүй хэлбэлзэл гэх мэт Компаниас шалтгаалахгүй гадаад хүчин зүйлс нь тухайн криптовалютын зах зээлийн ханш, хөрвөх чадварт нөлөөлж болно. Мөн блокчэйн сүлжээ нь програмчлалын алдаа, протоколын өөрчлөлт эсхүл бусад таамаглашгүй шалтгааны улмаас сүлжээнээс тасрах, тасалдах боломжтой. Тиймээс компани нь гадаад хүчин зүйлээс үүдэн гарч болох эрсдэлийг хариуцахгүй.
    Иймд компани нь эрсдэл даах чадвар багатай хэрэглэгчдэд идэвхтэй арилжаа хийхгүй байхыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл криптовалютын арилжаалах ханшийг таамаглах нь өндөр эрсдэлтэй бөгөөд хэрэглэгчид өөрийн алдаж болох хэмжээнээс давсан арилжаа хийхгүй байх нь зүйтэй.

    Мэдээллийн технологийн мэдлэг
    Криптовалют нь ихэвчлэн мэдээлэл технологийн хэлээр тайлбарлагддаг бөгөөд эрсдэлийг зөв үнэлэхийн тулд криптограф, компьютерийн шинжлэх ухааны бүрэн ойлголттой байх шаарддлагатай. Компани нь платформд бүртгэлтэй криптовалютуудад баталгаа өгөхгүй бөгөөд та тухайн криптовалютын талаар судалсаны үндсэн дээр сонгох нь зүйтэй.

    Платформ тасалдах, зогсох
    Хакерийн халдлага, компьютерийнвирусын халдлага, харилцаа холбооны салбарын технологийн тохируулга ба техникийн алдаа, банкны аюулгүй байдал, засгийн газрын зохицуулалт, гуравдагч талын алдаа ба хоцрогдол, системийн доголдол ба сүлжээний доголдол болон давагдашгүй хүчин зүйлээс шалгаалан түр хугацаагаар сүлжээ ба үйлчилгээ тасалдах боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгчийг хамгаалах, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор платформын үйл ажиллагааг 48 хүртэлх цагийн өмнөх байдалд буцааж болно.
    Мөн платформын төлөвлөгөөт сайжруулалтын үед урьдчилан мэдэгдсэнээр түр зогсоож болно.

    Нэвтрэх эрх алдагдах
    Хэрэглэгч дансаа хаалгүйгээр (logout) үлдээснээс болон нэвтрэх эрх, нууц үгийг нэвтэрч буй төхөөрөмжинд сануулснаас үүдэн нэвтрэх эрх алдагдах эрсдэлтэй.

  • V. Хуулийн дагуу ажиллах

    Платформоор дамжин хийсэн шилжүүлэг, арилжааны үр дүнд үүссэн ашиг, орлогод хамаарах аливаа татвар тодорхойлох, төлөх нь Хэрэглэгчийн үүрэг, хариуцлага бөгөөд Компани нь ямар нэг үүрэг хүлээхгүй.

    Компани нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр таны дансыг хязгаарлах эсхүл хаах, түүнчлэн зөвхөн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн криптовалют болон мөнгөн хөрөнгийг хурааж болно.

  • VI. Үйлчилгээний нөхцөл дуусгавар болох

    Хэрэв хэрэглэгч үйлчилгээний нөхцлийг дуусгавар болгох буюу дансаа хаалгах хүсэлт гаргавал Компани нь хэрэглэгчийн бүх эрхийг бүгдийг эсвэл хэсэгчлэн хааж болно. Хэрэглэгч бүх эрхийг хаалгах тохиолдолд хүсэлтээ support хэсгээр илгээнэ. Бүх эрхийг хаалгах хүсэлт илгээх үед тухайн хэрэглэгчийн биелээгүй захиалгыг цуцлах боломжтой. Харин биелсэн захиалгыг цуцлах боломжгүй.

    Хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээний нөхцлийг дуусгавар болгож, дансыг хаасан тохиолдолд тухайн хэрэглэгчийн имэйл хаяг болон мэдээллийг дахин бүртгэх боломжгүй.

  • VII. Нууцлалын бодлого

    Компани нь таны мэдээллийг Нууцлалын бодлого-д усгагдсаны дагуу болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр эсвэл биеийн байцаалтыг баталгаажуулах (identity verification) зорилгоор гуравдагч этгээдэд гарган өгч болно.

    Интернэтэд суурилсан сүлжээгээр дамжуулсан (имэйл, фэйсбүүк гэх мэт) мэдээлэл нь аюулгүй байж чадахгүй бөгөөд дамжуулах явцад алдагдах магадлалтай. Тиймээс интернэтэд суурилсан сүлжээгээр дамжуулан Компанид ирүүлсэн таны мэдээлэл нь нууцад хамаарахгүй бөгөөд үүнээс үүдсэн хохирлыг Компани хариуцахгүй мөн үүнтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээхгүй.

    Нууцлалын бодлого нь энэхүү Үйлчилгээний нөхцлийн салшгүй хэсэг байна.

  • VIII. Санал, хүсэлт

    Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал хүсэлт, асуулт байвал support хэсгээр хандана уу.